Tuesday, November 26, 2013

анхны хайр минь


Би тэр үед дөнгөж ажилд ороод байсан юм. Архаг ажилчдын аясыг дагахгүй бол хусагдаж ч мэдэх чанга үе байлаа. Нэг үдэш ажлын маант эгч нар ажил тараад нэг газар сууцгаахаар болсон юм. Явахгүй гэх эрх байхгүй тул шинэков би дагаад л явлаа. Тэд явсаар байгаад 10 дугаар хорооллын нэг уушны газар оров. Томчуулын яриаг сайн ухаж чадахгүй байсан тул надад үнэндээ хийх ажил олдохгүй байлаа. Уйдаж байна ч гэж жигтэйхэн. Эгч нарыг жаахан халж байтал тэр бааранд бидний сайн мэдэх нэг заан цолтой бөх ороод ирэв. Томоос том биетэй тэр эрийг хараад хүүхнүүд нүдээ унагаж, жиг жугхийгээд л явчихав. Тэр жижигхэн баар дундаа бүжгийн талбайтай байсан юм. Би юм ууж чадахгүй тул хажуугийн  ширээний хоёр үеийн охинтой бүжиглэж зогсов. Гэнэт гараас минь хүчтэй дугтарахад газар шургаж ойчих дөхөөд гайхан хартал өнөөх том эр намайг тэврэн аваад эргэлдүүлж гардаг юм байна. Болиоч, тавиач гэж хий л үглэхээс цаашгүй, ичиж улайсан намайг хараад эгч нар дуу алдаж, чанга чанга инээлдэн алга ташиж байлаа.
Тэр хүний амнаас үнэртэх эхүүн үнэрт толгой эргэж, гараас нь хэрхэн мултрахаа ч мэдэхгүй бүлтгэнэж байгаа надад тэд бүр атаархаж байгаа бололтой. Өнөөх эр нэлээд согтсон бололтой ёстой л хуй салхи мэт намайг чирээд тэр хавиар нэг давхиж гардаг юм байна. Гараас нь мултрах гэж оролдоход инээд алдаж, улам л янзыг минь үзэх аястай барьцаа чангаруулж ёстой бүтээж алах дөхөв. Би сүүлдээ эцэж, ядраад аргадаж гуйлаа. Арайхийн аргадаж байж, ариун цэвэрийн өрөө орчихоод ирье гээд гарч гүйсэн би хонгилд амьсгаагаа дарах санаатай зогсож байтал нүдэнд дулаахан үеийн залуу гэнэт хажуугаас гараад ирсэн юм. Цэвэрхэн зассан халимаг, донжийг нь олсон хувцастай тэр миний хажууд ирээд "Тусламж хэрэгтэй бол би хамгийн мухарын ширээн дээр сууж байгаа шүү" гэв. Би гэнэт айдсаа ч мартаад "Чи надтай хамт орчих тэгэх үү? Би цүнхээ авмаар байна" гэвэл тэр инээмсэглээд зөвшөөрлөө. Ингээд бид тийш их л дотно янзтай орвол нөгөөх бөх манай ширээний хэдтэй инээд алдан сууж байх нь тэр. Би гэнэт айж "Хоёулаа жоохон бүжиглэх үү?" гэвэл нөгөөх залуу уриалгахан зөвшөөрч бид тайзны голд хэсэг бүжиглэв.

Гэтэл эгч нарын маань нэг намайг гадагш түр гараадхая гэж ширэв татаад гараас угзран хонгил руу дагуулан гарав. Би яасан ийсэн гээд зогсож байтал нөгөөх том эр гарч ирсэнээ шууд л базаж аваад өөр лүүгээ шахсанаа "Би чамайг хүсэж байна. Чи заан хүнтэй нэг шөнийг өнгөрүүлбэл дээдийн заяа гэж мэдэх үү?" гээд амьсгаадах нь тэр. Би ч тэлчигнэн тийчилж, аргаа барахдаа хашгирчихав. Энэ чимээнээр нөгөө танихгүй залуу өөрийн таван найзын хамт гарч ирээд намайг салгахаар оролдож нөгөөх бүдүүнд хэд ширвүүлээд авлаа. Ашгүй бөөн юм болж амжаагүй байтал бөхийн хамт яваа найз нь гарч ирээд тэрнийг дагуулан дотогш орсон юм.

Ингээд би эгч нараас зугтан тавын таван танихгүй залуутай хамт гадагш гарч таксинд суухаар яарлаа. Зам хүртэл нэлээд зайтай, орон сууцнуудын гэрэл унтарч шаггүй харанхуй болсон байсан тул би гэнэт айж дотроо яахаа ч мэдэхээ байж эхэлсэн тул дуугарч ч чадсангүй. Нөгөө залуу хажууд чимээгүйхэн явахдаа хаашаа явах вэ, хүргээд өгөх үү гэснээ намайг айж байгааг анзаарсан бололтой найз нартаа ямар нэг юм хэлээд буцаачихав. Яагаад ч юм дотор жоохон онгойж, түүнтэй ойр зуурын л юм ярьсан санагдана. Харин юу ярьсанаа одоо ч санадаггүй юм. Ингээд тэр намайг таксинд суулгаж өгөөд "Сайхан амраарай" гэж хэлээд салсан даа. Харин би одоог хүртэл тэрний нэрийг ч асууж амжаагүйдээ харамсаж явдаг. Би чамтай ганцхан удаа уулзаад салсан хэрнээ зүсийг чинь одоо хүртэл мартаж чаддаггүй юм. Энэ явдал 1999 оны өвөл болсон. Хэрвээ чи энэ түүхийг уншиж байгаа бол блогийн эзэнтэй холбогдож надад дамжуулаарай. Яагаад ч юм би чамайг байнга санаж явсаар ирлээ. Чиний зүс царайг ч мартаж чадахгүй санаж явсаар байдаг шүү. Бас чамд маш их баярлалаа гэж хожимдсон ч гэлээ дамжуулах гэсэн юм.

No comments:

Post a Comment