Tuesday, November 26, 2013

Б, Ринчен Монгол хэл

Монгол хэл

Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж

Сод их билигт түмэн  юүгээн бишрэн магтмуу би



Урьдын бэрх цагтулс Монголын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн

Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн

Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл



Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт

Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч

Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь

          

 Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан

Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм

Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн   үүдийг чинь

Түлхэх бүр сэтгэл  сэргэн магнайн үрчлээ тэнийнэм



Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь

Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулахын гэгээн улирал нээгдсэнд

Сэлбэлгүй сэцэн оюутан хэл юүгээн хөгжүүлье хэмээн

Сэтгэл урмас бадран бахдамуу, үсэн буурал өтгөс би



Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь

Хурц авъяаст хөвгүүд дүү нар, халуун элэгтэн хотлоор

Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж              

Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан



Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж

Сод их билигт түмэн  юүгээн бишрэн магтмуу би

Read more: http://xoopxoh.miniih.com/index.php/home/post/296#ixzz2lpMsK6AD

No comments:

Post a Comment