Tuesday, November 26, 2013

Ц.Дамдинсүрэн : 2 настай Ро

Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
Үс нь нарийн бөгөөд хархан
Зөөлөн мяндасын ширхэгтэй
Зүс нь бор бөгөөд хөрслөг
Сайхан Монголын шинжтэй...
Тохойн чинээ биетэй
Ханцуйн чинээ дээлтэй
Бээлийн чинээ малгайтай
Балчир нялх дүүгийн минь...
А, Б гээ холбосоор
Ахих шатаа дамжаарай
Арав тавыг нийлүүлсээр
Дөхөх замаа олоорой...

Хоёр хүрээгүй нялхдаа
Туурайт морины давшгүй
Тураг шувууны дэвшгүй
Түмний газар хүрчиж дээ
Түүнээс Монголдоо буцаж
Төв журмаар явж
Түвшин голомтыг байгуулж
Түгээмэл ихээр жаргаж...
Эцэг өвгөдийн сайшаалыг сонс
Эмгэд хөгшдийн ерөөлийг дуул
Ард олондоо их тус бол
Амар жаргалыг ихээр эдэл.

No comments:

Post a Comment